Нууц үгийн хэрэглээ ойрын ирээдүйд алга болох уу?

Уржигдар буюу 3 сарын 4-ний өдөр W3C ( World Wide Web Consortium - Вэб сайтын стандарт батлан гаргадаг байгууллага), FIDO Alliance ( Хэрэглэгч таних, нууц үгийг сайжруулах зорилгоор байгуулагдсан үйлдвэрлэгчид, програм хангамжын компаниудын нэгдэл) нар хамтран WebAuthn стандартыг батлан гаргалаа. Энэ нь энгийнээр хэлвэл хэрэглэгч нууц үг ашиглахгүйгээр өөр төрлийн Authentication буюу цахим төхөөрөмж програм хангамж (USB stick гэх мэт) ашиглан аливаа системд нэвтрэх боломж юм. Жишээ нь банкны гүйлгээ хийхдээ ашигладаг token гэх мэт. 

Энэхүү технологи нь танд шинэ биш мэт санагдаж болох ч вэбсайтын зах зээл дээр хэрэглэгчийн зүгээс маш том эргэлтийн цэг болж байна гэж харж байна. Аливаа цахим халдлага, дата мэдээлэл алдах гэмт оролдлогуудын 81% нь муу нууц үг, эсвэл нууц үгэн дээр суурилж хийгддэг талаар VERIZON компанийн судалгаа байдаг. 

Webauthn технологийг ашигласнаар хэрэглэгчид нууц үг хэрэглэхийн оронд биет, биет бус, биометрик таних аргуудыг ашигласнаар эцсийн хэрэглэгчийг систем илүү нарийвчлалтайгаар танихаас гадна, нууц үгээ алдсанаас гарах эрсдлийг хааж байгаагаараа онцлог юм. Хамгийн гол нь энэ стандарт болон батлагдан гарснаар Вэб хөтчүүд дээр эдгээр шийдлүүдийг албан ёсоор хэрэгжүүлэх боломж бий болж байгаа юм. Одоогоор Webauthn стандартыг дэмждэг хөтчүүд нь Google Chrome, Mozilla Firefox, Microsoft Edge and Apple Safari байгаа бөгөөд Windows 10, Android үйлдлийн системүүд дээр нэвтрээд байна. 

Та тун удахгүй Login хийх цонхонд зөвхөн USERNAME ээ оруулж цааш нь өөрийн USB, Wallet, Хурууны хээ, нүүр царай ... бусад төрлийн таних хэрэгслүүд ашиглан имэйлээ шалгах ер нь нэвтэрч ордог бүх сайтуудад өөр хэлбэрээр нэвтрэн ордог болох цаг айсуй.